Халуун рашаан нь ихэнхдээ байгалийн үзэсгэлэнт бүс нутагт оршдог тул рашаанд орсон хүний стресс тайлагдаж сэтгэл санаа нь тайвширдаг байна. Үүнээс гадна халуун рашааны хамгийн чухал шинж чанар нь таны биед физикийн болон эмчилгээний гэсэн 2 төрлийн эерэг нөлөө үзүүлдэг.
1. Температурын үйлчлэл: 40 градус орчим халуун усанд орсноор хүний цусны эргэлт түргэсэн биеийн дулаан нэмэгдэх бөгөөд ингэснээр бодисын солилцоо сайжирч биеэс хэрэггүй бодис гадагшилдаг.
2. Усны даралтын үйлчлэл: Биеийн бүх хэсэгт усны даралт нэгэн жигд үйлчилснээр хүний зүрхний үйл ажиллагааг сэргээн сайжруулна. Ингэснээр цусны эргэлт сайжирч, зүрх өөхлөхөөс сэргийлж чаддаг байна.
3. Хөвөх буюу усны өргөлтийн үйлчлэл: Бүх биеэрээ халуун рашаанд орсон байх үед хүний биеийн жин 10 дахин хөнгөрч булчингууд амардаг. Энэ үед хүний тархинаас Алфа долгион ялгарч хүний биеийг тайвшралын байдалд оруулдаг байна.
Халуун рашаан нь байгалиас маш их хэмжээний эрдэс бодисыг өөртөө агуулдаг юм. Тийм ч учраас зарим байгалийн халуун рашааныг тэжээллэг рашааны ундарга гэж тусад нь ангилж үздэг. Хүний биед шар ус хурах зэрэг таагүй нөлөө үзүүлдэг хийг ихэнх халуун рашаан нь гадагшлуулах эрдэс бодисоор баялаг байдгаараа онцлогтой ч халуун рашаан бүрд эдгээр эрдэс бодисууд харилцан адилгүй байдаг. Тийм ч учраас халуун рашаан бүрийн хүний биед үзүүлэх эмчилгээний үйлчлэл нь өөр хоорондоо ялгаатай юм. Хүний бие эдгээр эрдэс бодисыг арьсаараа дамжуулан шингээж авснаар эмчилгээний үйл явц эхэлдэг.