Халуун рашаанд орох хамгийн тохиромжтой улирал бол НАМАР

Яг одоо хайртай хүмүүсээ дагуулаад явахад ажиллаж байх рашаан сувиллуудын мэдээллийг оруулж байна. Намрын сэрүү орсон энэ цаг рашааны бүтэц найрлагын хувьд илүү тогтворжсон байдаг ба хоолойн өвчинд нэн тустай, тамиржуулах эрдсээр баялаг  рашаануудын байршил, давуу талын мэдээллийг онцоллоо.

ЗАРТЫН ХАЛУУН РАШААН

Завханы Их-Уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газар байрладаг рашаан, сувилал нь нийслэл хотоос 760 км-ийн зайтай оршдог. Нийтдээ 15 төрлийн рашаантай бөгөөд хоёр нь халуун. Үе мөч, ядаргаанд сайн. Ходоод, таван цул, сав, хий шар, бөөр, зүрх, шүд, мэдрэл, элэг цөс, нойр булчирхайн өвчнийг эмнэхэд тустай. Мөн Алаг нуурын шавраар янз бүрийн харшлын өвчнийг анагаадаг.

ХУЖИРТ ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай.

ШАРГАЛЖУУТЫН ХАЛУУН РАШААН

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаан ундаргаас бүрддэг. Арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд зохимжтой. Рашааны халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй тул биеийн дулааныг дээшлүүлэх, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны архаг өвчнийг эмчлэхэд тохиромжтой.

ОНОНГИЙН ХАЛУУН РАШААН

Хэнтийн аймгийн Батширээт сумын төвөөс баруун тийш 120 километрт, Хэнтийн нурууны салбар Дуут Яаны хойд талд Онон голын эрэг дээр оршдог. Ононгийн рашаан нь Их, бага гэж хоёр хэсэгт хуваагддаг. Бага халуун рашаан нь Их халуун рашаанаасаа зүүн тийш найман километр буюу Дуут Яаны өвөр хөндийд жижиг толгодын ар талд байрладаг. Энэ рашаанд Монголын Анхдугаар богд Занабазар, Халхын цэцэн хан Шолой, Арамба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхан ирж ордог байжээ. Уг рашаан үе мөчний үрэвсэл, бөөрний даралт, бруцеллёз, цусны даралт, хамуу болон арьс өнгөний төрлийн өвчнүүд, шижин, шар ус, хуян зэрэг өвчин анагаан эдгэрүүлэх увдистай ажээ.

ЕРӨӨГИЙН ХАЛУУН РАШААН

Сэлэнгэ аймгийн нутагт Хэнтийн ууланд Ерөө голын савд д.т.д 1150 м-ийн өндөрт ХӨ 49,01 ЗУ 107,33 солбицолд оршдог халуун рашаан юм. Карбонат, сульфат, натрийн найрлагатай 42 градусын халуунтай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг.

ЦЭНХЭРИЙН ХАЛУУН РАШААН

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цэцэрлэг хотоос урагш 30км орчим зайд байдаг. Далайн төвшнөөс дээш 1860 метрт өргөгдсөн, аглаг ой бүхий уулын бэлд оршдог. уян хөөрөх, мэдрэлийн судас үрэвсэх, булчин чангарах өвчин, үе мөчний өвчин, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэлд тустайгаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цагаан мах эргэхийг зогсоох, цус багадалтыг хэвийн болгох, эмчилгээний дараах дархлааг сайжруулах, ядаргаа тайлах, ядаргаанаас үүдэлтэй арьсны эмгэгийг засах, ил шарх сорвийг арилгах, чихрийн шижин өвчинг засахад эерэг нөлөөтэй ажээ. Бага тунгаар уух, рашаанд тодорхой хугацаагаар орж гам барих аргуудаар эмчилдэг байна.

ГАЛТЫН ХАЛУУН РАШААН

Галтын халуун усны рашааны орд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт, Галт сумын төвөөс урагш 25 км, Мөрөн хотоос урагш 163 км, Улаанбаатар хотоос 550 км зайддалай төвшнөөс 1750 метрт өргөгдсөн. Залуужуулах увдистай радон бүхий халуун рашаан бассейн, рашаан ваннд орж, бариа хийлгэж, баргашуум шавар тавиулж, цэвэр цэнгэг агаараар амьсгалснаар таны ядаргаа тайлагдаж, нойргүйдлээс ангижирна

Leave a Reply

Your email address will not be published.